Хүн төрөлхтөн бидний хувьд хоол хүнс гэдэг амьдрал оршин тогтнох эх үүсвэрийн чухал хэсэг билээ.Улс үндэстэн бүр өөрсдийн оршин байгаа газар нутаг ,цаг агаар,зан заншил уламжлал ,эрхлэх аж ахуй ,амьдралын нөхцөл зэргээсээ шалтгаалан өөр өөр байдаг .Манай Монголчууд эртнээс нааш нүүдлийн мал аж ахуй эрхлэн, хүйтэн дулааны аль ч улиралд өдрийн ихэнхийг хээр гадаа өнгөрүүлдэг учраас байгал,цаг уурын хатуу ширүүн хийгээд өдрийн уртад шим тэжээлээ удаан барьдаг аль болох их хэмжээний илч дулаан эрчим хүчийг үүсгэх чадалтай ,уураг ,өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэх нь амьдралын салшгүй шаардлага байсан.Монгол хоол хүнс нь эдгээр зүйлүүдийг өгч чаддаг байсан учраас өнө эртнээс эдүгээг хүртэл уламжлалаа алдалгүй хэрэглэсээр ирсэн.Эрт цагаас монголчуудын үндсэн хоол хүнс нь сүү ,цагаан идээ ,малын болон ангийн мах ,амуу будаа ,ургамлын гаралтай зүйл байсныг олон олон түүхийн сурвалж болон судалгааны бичиг зохиолоос бэлхэнээ үзэж болох юм.Үүнээс үүдэн монголчуудын уламжлалт хоол хүнсийг сүү, сүүн, буюу цагаан идээ ,мах,махан буюу улаан идээ,ургамлын гаралтай ногоон идээ гэсэн хэсгүүдэд хувааж үзэж болно.
“Ууц таллуулж зочноо хүндэлнэм
Улаан идээний дээд гэнэм
Эмийн цэцэгс магнайд амтагдаж
Эрүүл биед жаргал нэмнэм” Мөн улирал болон цагтаа,насны эрэмбэндээ тохируулан хоол ундаа иддэг байсан бөгөөд ямар үд ямар хоол идэхээ мэддэг байсан учраас эрүүл саруул сайхан амьдарсаар ирсэн.Үүнээс үзвэл бидний өвөг дээдэс өнөөгийн шинжлэх ухаанаас түрүүлэн бүгдийг өөрсдийн дадлага туршлага дээр тулгуурлан мэддэг байсан нь үнэхээр гайхалтай юм.
Махан хоол
Монгол хүнсний бүтээгдэхүүнд махан хоол онцгой байр эзэлдэг .Үүнээс үүдэн монголчуудын гол хоол нь малын мах гэсэн ойлголт дэлхий нийтэд тархсан байдаг.Гэвч үнэн хэрэг дээрээ тэд малыг хайрлан энхрийлж ,харан баясах ,өөрсдийн үндсэн баялаг гэж хайр найргүй ханддаггүй байжээ.Монголчууд зөвхөн зун ,намар өнгөрч, малын сүү татарсан үед хотон дахь малаасаа ширвэж ,заазалж иддэг байж.Ялангуяа хонины махыг ихэд дээдэлж нэг бол төр шашны ёслол, хүндэтгэл, нялх биетэй болон хөгшин настай хүмүүсийн биеийг тэнхрүүлэх зориулалтаар хэрэглэж иржээ. Монголчууд мах боловсруулан бэлэн хоол болгохдоо чанах ,хуурах, жигнэх ,шарах ,хорхоглох ,боодоглох ,хайрах гэх мэт олон арга хэрэглэнэ.Мах,идээ,зоогийг заавал болгосон байхыг эрхэмлэх бөгөөд “болсон идээнээс заавал амс”гэдэг зарчмыг барина.Махыг чанах ,шарахдаа шүүрхий, шүүрхийвтэр ,бүрэн болгох бас шалз буюу үлтэртэл болгох гэсэн хэдэн янзын болгох арга хэрэглэнэ. Бүхэл махан хоолны өөр нэг төрөл нь гэдэс дотор юм.Элэг ,уушиг ,зүрх ,дэлүү ,бөөрийг таван цул гэдэг.Бог малын дотор мах бол нэн хүндтэй хоолны төрөлд ордог байсан.Бага малын зайдас ,олгой ,ходоодонд амталсан цусыг цутгах ,цусгүй ороомог хийх зэргээр боловсруулж хэрэглэнэ.Бог малын гүзээнд цус, мах ,өөх холин хийж хөлдөөгөөд хярамцаг хэмээх хүнсийг бэлтгэж хэрэглэнэ.Дотор мах нь тураг махнаас амин дэм эрдэс бодисын агууламжаар илүү, сайн чанарын идээ болох нь амьдралын туршлагаар батлагдсан юм.
Үхрийн мах:Үхрийг эмийн амьтан хэмээн үзнэ.Түүний махыг өв тэгш эрхэм дээд идээний нэг гэж үздэг.Үхрийн мах нь халуун чанартай учир өвлийн улиралд зонхилон хэрэглэдэг.
Ямааны мах:Сэрүүн чанартай гэж үздэг тул дулааны улиралд хэрэглэхэд тохиромжтой гэж үзнэ .Бэлчээр сорлож цэцэгс иддэг учир эмийн чанартай гэж яргуйнд цадсан ямаагаар шөл уулгаж өндөр настан ,нялх нярайг сувилах ёсон бий.
Адууны мах :Онцгой өвөрмөц үнэр амттай бөгөөд зөвхөн өвлийн хүйтний улиралд хэрэглэдэг, зарим эрхтнийг нь эм болгодог.Жишээ нь :уушиг нь уушигны хатгаа хийгээд ,ханиадыг ,дэлүү нь элдэв яр ,бөөрний халууныг номтгодог гэж уламжлалт анагаах ухаанд үздэг.
Тэмээний мах:Ар монголд тэр болгон хэрэглэж байсан уламжлал ховор бөгөөд сэрүүн чанартай гэж үздэг.Өөх булчингийн судал хосолсон алаг мах бөгөөд өөх махны гарц үлэмж их учир нөөш хүнс болгон олон төрлийн амтат хоол хийж болох тул сүүлийн үед хүнсэнд хэрэглэх болсон.
Ангийн махнаас гөрөөсний /буга ,хандгай,аргаль,янгир,хулан хавтгай гэх мэт/ араатны /баавгай ,гахай,мануул ,чоно/ ,жигүүртний ятуу ,ногтруу,тоодог,хойлог,галуу,нугас гэх мэт/ ,усны амьтан /тул ,цурхай,алгана,зэвэг гэх мэтийг өргөн хэрэглэдэг.
Махны толгойн хэсгийг эх хэмээнэ.Махаа эх талаар нь зочин руу харуулж тавина.Зочин толгойноос нь барьж хажуулдуулан огтлох ёстой .Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүврэгдэс талаас нь түшиж баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсдэг.Махны толгой эх тал гэдэг нь толгойны хошуу талыг хэлнэ.Толгойг хөндөхдөө эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих ,зовхийг нь хөндлөн огтолж идэж болно.Хүзүүний эх нь хүзүү тал ,сээрний болон ууцны сүрвэгдэс тал өвчүүний бүдэрхий ,далны ,хавирганы толгой тал ,бугалганы нарийн атгамал үзүүр ,шагайтай борви ,дунд чөмөгний нарийн үзүүр сүүжний далбаа зэрэг орно.Бүхэл мах тавьсан байвал зочин хүн эхлээд хүрээд өвчүүний бүдэрхий ,далны толгой ,дараа нь ууцанд ,сүүлд нь сээр хүзүү болон бусад махнаас хүртдэг.
Цагаан идээ Цагаан идээнд ааруул, аарц ,айраг ,бяслаг, өрөм ,тараг ,хоормог ,хутгамж ,хурууд ,хуурай сүү ,цагаа ,цагаан тос ,шимийн архи ,ээдэм ,ээзгий зэрэг малын сүүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд багтана.Эдгээрийг боловсруулах арга технологи маш нарийн .Монгол хүний идээн ундааны дээд нь буянт таван хошуу малын маань сүү шим билээ.Тэгээд ч хангай дэлхий , бурхан тахилдаа эн түрүүнд өргөж ,хамгийн хүндтэй зочин гийчиндээ ариун сэтгэлийн бэлэгдэл болгон цагаан сүүнийхээ дээжийг барьдаг заншил дээр үеэс уламжилж ирсэн.Таван хошуу малын сүү дор бүрдээ өвөрмөц.Хонины сүүг тослог ихтэй ,чихэрлэг ,сүлрэх чанараар илүү ,ямааных шингэн ,тослог багатай сүлрэх нь хониныхоос дутуу гэж үзнэ.
Малын сүү
Сарлагийн сүүг хурц, тослогийн хувьд бусад малынхаас хавьгүй их ,чихэрлэгийн хувьд сайн ,сүлрэх нь хонь , ямааныхаас ялимгүй дутуу гэдэг.Хайнагийн сүүг сарлагийнхаас арай шингэвтэр ,тослогийн хувьд ихдүү ,чихэрлэг багавтар ,сүлрэх нь сарлагийнхаас ялимгүй дутуу .Монгол үнээний сүүг бусад малынхаас шингэн ,тослог хонь ямааны сүүнийхээс багавтар , сүлрэх нь бусад малынхаас дутуу.Ингэний сүүг өтгөн ,шингэний хувьд монгол үнээний сүүтэй ойролцоо ,тослог ,нүнжиг ихтэй боловч ялгаран гарах тосны хувь бага чихэрлэг багавтар ,цай сүлэхэд сайн хэмээнэ.Гүүний сүүг өтгөн ,шингэний хувьд монгол үнээний сүүтэй ойролцоо ,тосны хувь багавтар ,харин чихэрлэг нилээд их ,сүлрэхдээ бусад малынхаас дутуу тул түүгээр цай сүлдэггүй.
Цагаан идээ хүний биед нөлөөлөх нь
Ааруул:Амтлаг ,исгэлэн,тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай ,биеийн хорыг тайлж тамиржуулах үйлдэлтэй.Буцалсан ус болон хар цайнд хийж ,шүүсийг нь уухад элэг ,цөсний өвчин ,цус хөөрөх ,толгой өвдөхөд тустай.
Тараг:Орчин үеийн эрдэмтдийн судалгаагаар хавдрын эсрэг үйлдэлтэй нь тогтоогдсон.Мөн дархлалын системийг идэвхжүүлэх ,хордлогоос сэргийлэх ,тураах ,гэдэсний элдэв өвчнийг дарах ,судасны ханын хатуурал болон элэг ,цөс ,арьсны өвчнөөс сэргийлэхэд тустай.
Айраг:Шинэ үедээ исгэлэн ,эхүүн амттай.Ходоодны илчлэгийг үүсгэн хоол шингээлтийг сайжруулдаг ба дэлүүний өвчин ,элэг цөсний өвчинд сайн.Эрт үеэс уушигны хатгаа ,сүрьеэ ,зүрхний даралт ихсэх ,усан хаван ,хөл ,нурууны өвчинд хэрэглэж иржээ.
Аарц:Сүүний хүчил нь найрлагандаа хүний биед үүсч бий болдоггүй ,орлуулашгүй амин хүчлүүд бүхий уураг ,эрдэс бодис ,олон тооны бичил элемент агуулсан учир маш чухал ач холбогдолтой .Сүрьеэ өвчтэй ,цусны даралт ихсэх,зүрх судасны өвчтэй хүмүүс ,жирэмсэн эхчүүд ,хөхүүл ,бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй.
Цай ундааны зүйл
Монголчуудын сүүтэй цай бол дур сэргээх үнэр амттай, алжаал тайлах ид шидтэй ундаа мөнөөр барахгүй өл хоол залгуулах чанар чадалтай үндэстний онцлог бүхий дээд зэргийн ундаа билээ.Монголчууд эрт дээр үес хол ойрын хүндэт зочин төрөл садан ,айл хөршийн таньж мэдэх хүнээс эхлэн хөндлөн хошуу ,харь нутгийн таньж мэдэхгүй зам мөрийн хүнд хүртэл үндэстэн ястан ялгалгүй нэг аяга сүү аягалж ирсэн замдаа өлзийтэй ,өнө үүрд цагаан мөртэй байтугай ! Хэмээн ерөөж ,уураг цагаан сүүгээрээ цайлган сэтгэлээ илгээдэг ажээ.Манайхан өдөрт хэдэн удаа цай уудаг заншилтай бөгөөд голдуу өглөө,үдэд цай ,хуурсан будаа ,хурууд ,тос сүү ,зөөхий ,өрмөөр гол идээгээ болгодог.Цайг чанахдаа цэвэр тунгалаг усаар данхаа дахин дахин сайтар зайлан ариутгаж ,шинэ усаар чанана.Усаа нэг данханд буцалгаад нөгөө данханд цайгаа хэмхэлж хийсний дээр буцалгасан усаа хий дахин зөөлөн галаар 2-3 минут нэрж идээшүүлээд сүү ,давсаа нийлүүлбэл тохиромжтой.Буцлахаас өмнө сүү ,давс хийвэл бас цайны өнгө буухад нөлөөлнө.Цай чанахад үнэр муутай түлш шатаахыг цээрлэвэл зохино. Цайны төрөл зүйлийг ерөнхийд нь чанаж уух ,бүрж уух хоёр зүйлд хуваана.Манай орны цайны ургамлын язгуур нэлээд олон байдаг ба хөрвөхөн сөд ,ману зэрэг өвслөг ургамлын цайнууд ч олон бий.Манайхан хөвч шугуйт уулныхаа амтат жимсийг нь түүж идээд анхилам навчийг нь бүрж уусаар байж хожим нь өмнөд орны хөх цай ,тунгалаг цайгаа уух болсон ажээ.Монгол оронд жил бүрийн долдугаар сар бол цай түүх улирал болж бууралчууд бага насны хүүхэд дагуулж ууландаа очоод өрөл мойлын сугсрага найгасан сөөг дундуур цайр чихрийн намаг холбосон хажуу жалгаар шургалан гүйлдэж тэмээн дайлан ,арьсан сомногоор /тулам/ ачаа дүүрэн цай түүж ирээд заримыг нь жигнэж боловсруулан бас наранд эгшээж ,сүүдэрт хатаан шуудай шуудайгаар чигжиж дүүргэн нөөцөлж авдаг.Нутгийн цайны цэцэг нь ханхлам сайхан үнэртэй ,бурам ,чихэрх шиг амтлаг тул хүүхэд өдөржин гүйсэн ч ядрахаа ер мэддэггүй сав уутаа дүүргэдэг ажээ.Цай түүхдээ заримых нь навч жимс хоёрыг хольж түүдэг бөгөөд үр ба иш модыг ч түүдэг .Манай оронд түгээмэл байдаг цайны төрлөөс жишээ татвал:
Цайрын цай:Цайрыг бас цагаан цайр гэнэ.Гуу хянгын голын дагуу хад чулууны завсарт буталж ургадаг ховор чухал мод юм.Шаравтар саарал холтостой мод нь чийрэг бахим ,хугардаггүй тул уурганы залгаас хийдэг.Шүхэр хэлбэрт цагаан цэцэг дэлгэрнэ.Билгийн улирлын долоон сарын хорьдоор цайрын навч улбар шар болоход навч жимсийг нь түүж аваад цэвэр усанд зайлж угаагаад үдийн наранд эгшээн шөнө дарж халаагаад жимсний хамт сагсанд хийж 2-3 өдөр даршлаад алагласан навч нь бүрэн улайх үед таван жингийн дотор нэг жин хийх харьцаагаар хөх цай хольж уурштал жигнэснээ сүүдэрт даршлан хатааж сүүтэй цай болгон чанаж ууна.
Улааганын цай:Уулын хажуу хээр талд бөөнөөр бутлан ургадаг таван хэлтэстэй цагаан буюу ягаан цэцэг дэлгэрдэг модлог ургамал юм.Цагаан шүүдэр унахын өмнө хойно арван өдөрт навчийг нь шувтарч аваад сиймхий адар дээр дэлгэн наранд ээж халаагаад усанд зайлж шүүж гаргаад жигнэсний дараа хатааснаа чанаж ууна.
Идээ ундаатай холбоотой цээрлэх ёс
v Хоол идэхдээ асгаж цутгах нь хишиг буянаа үрж барах ,хоолоо хүчтэй сорох, хам хум залгих ,яарч сандрах ,чимээ шуугиан гаргах нь “хоол идэж гэдэс цадаагүй ,хол явж газар үзээгүй”гэж хэлэгдэх учраас болгоомжилдог ёс бий.
v Хонины сүүний таргийг хавар цагт хот суурингийн чийг бамтай хүн унтахын өмнө ихээр уувал хор болж амь насанд аюултай.
v Идээд үлдээсэн хоолыг ил задгай тавихыг хориглодог нь чөтгөр гэх боловч үнэндээ хог шороо ,хорхой орохоос болгоомжилсон хэрэг юм.
v Хоол идээд тогоо ,аяга тавгаа угаахгүй орхих нь уй гашуу тайлсны дараах байдал шиг болох тул цээрлэдэг.
v Битүү хоолыг хэт өлссөн хүнд өгвөл өвчин болдог.
v Боорцогны гурилыг түүхий усаар зуурвал боорцог үсчин цацагдана.
v Боов боорцог чанаж байхад намуун дуугарна .Чанга дуунд тос ширгэж боов амтгүй болно .
v Аягатай будаанд савх хатгаж тавихыг цээрлэнэ.Учир нь нэг бол алах хүнд эс бол үхсэн хүнд тавьдаг ёс бий.
v Идээ будаагаар наадаж болохгүй.Тэгвэл амны хишиг буурна.
v Идэж уусны дараа суниахыг цээрлэдэг.Учир нь бие суларч гэдэс сунана гэдэг.
v Сүүжний мөлжсөн ясыг гэрт хонуулахдаа нүхийг нь сэтэлдэг .Чөтгөр хоргодно гэдэг ажээ.
v Хонины толгойг мөлжүүртэй ,ухархайг битүү хаяхыг цээрлэдэг.Муу юм хоргодно гэж ухархайг сэтэлж хаяна.
v Хонины толгойг шүдээр зулгаахгүй гэдэг нь өстний толгойг залгилаа гэдэг үгтэй холбоотой.
v Жигнэсэн битүү хоол идээд хүйтэн орчинд гарахыг цээрлэдэг нь салхи цохиулж өвчин олдог учраас тэр юм.
v Том хүн шүдээрээ мах мэрж иддэггүй.Харин жаахан хүүхэд хутгагүйгээр идэж болно.Энэ нь шүд бэхжүүлэхтэй холбоотой юм.
v Тавагтай идээнээс амсахдаа эхлээд чихэр мэт тансаг амттанг монгол хүн эхэлж амсдаггүй .Заавал цагаан идээ болон боов боорцог зэргээс амсдаг нь бас учиртай.
v Хоёр хуруугаараа тавагтай идээнээс авя идэх ёсгүй .Тэгвэл шувуучлан тоншлоо гэж их дургүйцдэг.
v Цайг авахдаа ёроол талаас нь хоёр гараараа аваад бага зэрэг амсаад тавьж уудаг.Өгсөн цайг нэг амьсгаагаар уудаггүй.
v Сүүтэй цай чанахдаа сүүн дэрэр ус хийж харлуулах биш усан дээр сүү хийж цайруулах аргаар чанадаг.
v Галдаа оройн хоолны өмнө өөх тос ,мах өргөдөг боловч сүү өргөдөггүй.Галд сүү оруулбал галын нүд сохорно гэж үздэг.
Цаг улирал ба хооллох ундлах,дэглэм ёсзүй
Монголчууд хүнс ,хоол ,ундаагаа тухайн цаг улиралд нь нягт нямбай зохицуулдаг онцгой өвөрмөц ёс дэглэмийг олон мянган жил даган мөрдөж ажиглалт туршлагаараа баяжуулан хөгжүүлж иржээ.Монголчуудын хооллох ,ундлах хоногийн дэглэм нь юуны өмнө жилийн улирлын цаг уурын нөхцөл ,нас хүйсний ялгааны онцлогийг харгалзан үзсэн ,хоол ундны тодорхой зүйл төрлөөр журамлагдсан байдаг.Өвөл цаг буюу есийн ,ес наян нэг хоног ийн хүйтний улиралд “Улаан буюу махан ,шар буюу тослог идээг аарц ,ээзгий ,арвай ,буудайн хөц,будаа ,гурил зэрэг цагаан хоолыг хэрэглэдэг.Мөн үхрийн махыг шим тэжээл ,илч тэгш чацуу,хадгалахад чанар нь гүйцэн боловсордог учир хавар цагт ,адууны махыг чанар илч үлэмж их ,хонины махыг шим тэжээл ,илч чанар жигд сайн гэж намрын адаг ,өвлийн эхэн ,адаг саруудад голчлон түлхүү хэрэглэдэг. Үдшийн цагт оройн хоолыг арвай ,буудай хөц ,бог, шар будаа ,хярамцаг ,гурил зэргээр махтай шөл ,бууз хуушуурыг ааг ихтэй анхилуун үнэрт сонгино ,сармис ,гоньд ,гогод зэргээр амтлан чанар илч сайтай хоол бэлтгэх эсвэл мөчилсөн бүхэл мах чанаж айл бүр ам бүлээрээ хооллоно.яргуй жигдэрч гүйцэн ургасан хаврын эх ,дунд сард болон ногоо ургамал цэцэглэсэн зуны улиралд ямаа муулж мах ,шөлөөр нь өтөл өндөр настан бага ,балчир хүүхэд ,жирэмсэн ба хөхүүл эх ,архаг хууч өвчтэй хүмүүсийг сувилдаг.Үүний учир нь ямаа хонин сүргийн түрүүнд явж ногоо цэцгийг сорчлон идэж хад асга ,эрэг ,ганга мэт саадыг бусад малаас онцгой хялбар туулж бэлчээрийг маш сайн ашигладаг тул сүү ,мах нь сувилал эмчилгээний шинж чанартай болдог аж .Монголчууд ямааны махыг сэрүүн чанартай гэж үздэг тул дулааны улиралд эсвэл өвөл борцлон хатааж хавар зунд зохистойгоор хэрэглэдэг.
Нас ,хүйс ба хооллох ,ундлах ,дэглэм ёсзүй
Зуны улиралд өглөөд хүүхэд ,өсвөр насныханд /13-18/эврээсэн ааруул дээр өрмийн зүсэм тавьж тусгай хувь болгон өгнө.Энэ нь уураг ,тосны зохист харьцааг сайтар тохируулсан хэрэг бөгөөд ааруул нь сүүний уураг,өрөм нь тос зонхилсон уураг, чихэртэй идээ учир залуу бие махбодид нэн их зохимжтой. Настангууддаа өглөөд өрөмтэй багсарсан шинэ аарц ,эсвэл арвайн гурилыг өрөмтэй өгч ааг-идээ ,сүү нь тэнцсэн өтгөн шаргал цай уулгана.Идэр насны эрчүүд нь тухайн өдрийн ажил үйлээс хамааруулан өрөм ,ааруул ,бяслаг ,аарц,арвайн гурил зэргийн хэмжээг тохируулан идэж айраг эсвэл цай ,хярмын аль нэгийг сонгон ууна.Эмэгтэйчүүд ,эхчүүд нь уураглаг цагаан идээг /бяслаг аарц/ голлон идэж цай, хярмыг сонгон ууна.
Үдийн хоол цайг гэр бүлээрээ нэг доор цуглаж өглөөний хоолтой төрөл зүйлийн хувьд адил боловч хэмжээг нь ахиу тавьж будаа, борцтой цай мэтээр насны ялгаврыг нэг их харгалзалгүй адил тэгшээр хооллож ундаална.
Оройд нь үдшийн саалиа хөөрүүлэн ээдэм-сүү ,таргийг хүйс,нас ялгалгүйгээр хүссэн хэмжээгээр өөртөө тохируулан хэрэглэдэг .Харин бороо хуртай сэрүүн өдрүүдэд настангуудад борцтой хоол ,хүүхэд залуучуудад нь бог ба шар будааг сүүнд агшаан болгож илчийг нэмэгдүүлсэн хоол идэцгээнэ.Зуны улиралд махан хоолноос аль болох татгалзаж цагаан идээг голлон хэрэглэдэг.Мөн махан болон тослог идээ хоолыг хэрэглэхдээ нас,хүйсний ялганы онцлогийг харгалзан үздэг.Хүүхэд багачуудад аль болох өөх тос багатай хоол унд өгдөг бөгөөл энэ нь хойчийн эрүүл мэндэд нь их хэрэгтэй

Ulaanbaatar Time